БАЙГУУЛЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ҮЙЛ ЯВЦ

Байгууллагын стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, гадаад орчинтой үр дүнтэй хамтран ажиллах, тавьсан зорилгодоо хүрэхэд хамгийн илүү тус дөхөм үзүүлэх тийм бүтцийг байгууллага сонгож авах хэрэгтэй байдаг.

Байгууллагын гадаад ба дотоод орчин байнга өөрчлөгдөж байх тул аль ч байгууллагын бүтэц нэгэн хэв загвараараа байх боломжгүй. Гэхдээ байгууллагын бүтцийн өөрчлөлтийг компаничилсан аргаар бус нарийн судалгаанд тулгуурлан цаг алдалгүй хийдаг байх хэрэгтэй.

Ихэнх байгууллагууд хүнд сурталт бүтцийг ашигладаг. Хүнд суртлын уламжлалт бүтэц нь дээрээсээ доошоо захирах чиглэлтэй, удаах нэгж нь тусгай үүрэг гүйцэтгэхээр дотроо хэсгүүдэд хуваагддаг байна.Хүнд суртлын системийн зарим давуутай талууд

1. Хөдөлмөрийн маш нарийн тодорхой хуваарь үйлчлэх учраас өөрийн хариуцсан албан тушаалд бүрэн гаршсан сайн мэргэжилтнүүд төрөн гарна.
2. Удирдлагын дээрээсээ доош шатлан захирсан түвшин үйлчилнэ. Энэ үед дээд тушаалын хүмүүс нь доорх хүмүүсээ бүрэн захирах боломжтой байна.
3. Бүх хүмүүсийн ажил үүргийг нарийн тогтоож, тусгай дүрэм, стандарт, заавраар зохицуулсан байх тул тэр л янзаар хүмүүс ажил үүргээ гүйцэтгэнэ. Янз бүрийн зорилтуудыг хооронд нь уялдуулах асуудал дээрээсээ зохицуулагдана.
4. Албан тушаалтнууд бие хүний талаасаа бус тодорхой үүрэг эрх мэдэл хүлээсэн хүнийхээ хувьд гол төлөв албан үүргээ гүйцэтгэнэ.
5. Хүмүүсийг ажилд авахдаа маш нарийн тогтоосон ажил мэргэжлийн шаардлагыг харгалзана. Ажилтнуудыг ажлаас халах асуудлыг хуулиар нэгбүрчлэн зохицуулсан байна.

Цэвэр ажил үүргийн чиглэлтэй бүтэц төдийлөн үр дүнтэй байдаггүй тул томоохон байгууллагууд дивизион маягийн бүтцэд шилжих болов. Энэ бүтэц нь олон төрлийн бүтээгдэхүүн юмуу янз бүрийн бүлэг хэрэглэгчид эсвэл энэ тэр бүс нутгууд руу хандсан толгойлогч хэсгүүдээс бүрдэнэ. Байгууллагын стратеги төлөвлөгөөнд аль хэсэг нь илүү голлох үүрэгтэй орсон байна тэр бүтцийг бэхжүүлэхэд түлхүү анхаарна.

Функциональ бүтцийн сул ба давуутай талууд

Давуу талууд
1. Ажил үүргийн болон мэргэжлийн талаар нарийн мэргэшүүлнэ.
2. Үүрэг нарийн тодорхой байх учраас ажил давхардах, илүүдэл материал нөөц зарцуулах явдал бараг гарах боломжгүй.
3. Ажил үүргийн нарийн чиглэлтэй хэсгүүдийн үйл ажиллагааг дээрээс нь удирдах, хамтын үйл ажиллагааг зохицуулах өргөн боломжтой.

Сул талууд
1. Нэгж хэсгүүд өөр өөрсдийн өмнөх зорилтуудыг хэрэгжүүлэх сонирхолтой байхаас байгууллагын нийтлэг зорилгуудад анхаарал хандуулах түлхэц байдаггүй.
2. Томоохон байгууллагуудад дээрээс гарсан шийдвэр анхан шатны нэгжид хүрэхийн тулд хэт олон дамжлага, тушаал зааврын хэлхээг дамждаг. Иймээс элдэв төрлийн үл ойлголцох байдал үүсэх, ажлын эрч хүч сулрах, байгууллагын нийтлэг эрх ашиг хохирох зэрэг асуудал байнга гардаг байна.

Олон улсын харилцааны асуудал хариуцсан нэгж бүхий бүтэц нь үйлдвэрлэл үйлчилгээний гадаад зах зээлд эзлэх хэмжээ дотоод дахь борлуулалтын өчүүхэн бага хэсгийг эзэлж байгаа нөхцөлд гол төлөв хэрэглэгдэнэ. Байгууллагын олон улсын хэмжээний үйл ажиллагаа ихээхэн өргөжиж ирэх нөхцөлд глобал зохион байгуулалтын нөхцөл илүү ач холбогдолтой болж өгнө. Орчин үеийн байгууллагууд энэ чиглэлээр илүүтэй анхаарч ажиллах болов.

Удирдлагын хүнд сурталт бүтцийн давуу тал нь удирдлагын хөдөлмөрийн хуваарь маш тодорхой учраас ажилтнууд болон удирдлагын нэгж хэсгүүдийг товч тодорхой тушаал, заавраар удирддаг хатуу тогтолцоог даган ажилтнуудын хувьд мэргэжлийн ур чадвар өндөртэй байх, ажилдаа эзэн болох түвшингээ байнга дээшлүүлэх шаардлага дээрээсээ доошлох шугамаар хүчтэй үйлчилж, байгууллагын дотоод үйл ажиллагаа нарийн дүрэм, журмын дагуу явагддаг онцлогоор илэрнэ. Харин бүх зүйл нэгэнт заасан журмаас гажихгүй явагдах болохоор хүмүүсийн зан үйл нөхцөл байдалтай уялдан хурдан өөрчлөгдөх боломжгүй, бие даасан бүтээлч шинжтэй бус, нэг хэв загварт баригдсан байдалтай болчихно. Байгууллага энэ шалтгааны улмаас хурдан өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалд дасан зохицох чадвар султай болж ирнэ. Хэрэв гадаад орчин ердийн үеийнхээс хурдан өөрчлөгдөх юмуу өрсөлдөгч байгууллагууд хамгийн сүүлийн үеийн техник технологийн түвшинд шинэчлэл хийгээд эхлэх гэх мэт шинэлэг нөхцөл байдал үүсвэл байгуулагын өмнө асар олон асуудал шийдэгдэхгүй овоорон хуралдаж эхэлдэг байна.

Хүнд суртлын тогтолцооноос урган гардаг зарим асуудлыг дасан зохицуулах юмуу уялдуулах нэмэлт бүтэц бий болгох замаар шийдэж болно. Зохицуулах бүтцийн хамгийн түгээмэл хэлбэр нь ТӨСЛИЙН, ТОРОН СҮЛЖЭЭНИЙ болон КОНГЛОМЕРАТ байгууллагууд юм.

Төслийн ба торон сүлжээний гэдэг нь зориудаар бий болгосон тусгай зорилтот бүтцийг байгууллагын байнгын бүтцэд оруулах замаар шийдэгдэнэ. Мэдээж энэ үед эрх мэдлийн хуваарилалт шинээр хийгдэх бөгөөд ингэж бүлгээр шийдвэр гаргах явцад эрх мэдлээ ахиулахын төлөө тэмцэл хүчтэй өрнөх, харилцан буулт хийх, даган дууриах, зөрчилдөх зэрэг хэлбэрүүд оролцогч талуудын харилцаанд илэрч гарна. Мөн урсгал зардал ихээхэн нэмэгдэх магадлалтай байдаг.

Конглемерат бүтэц нь үндсэн ба охин пүүсүүдийг бие даасан эдийн засгийн төвүүд гэж хүлээн зөвшөөрөхөд оршино. Харин үндсэн пүүс нь охин пүүсүүдээ хөгжлийн стратегийнхаа дагуу худалдан авах юмуу зарах боломжтой байдаг.
Олонх томоохон байгууллагууд өөр өөр хэлбэрийн бүтэц, хэлбэрийг ашигласан маш нарийн, урьд өмнө огт хэрэглэгддэггүй байсан бүтэц, зохион байгуулалтанд шилжих нь элбэг болов.

Аль ч бүтцийн хүрээнд эрх мэдлийг сааруулах боломжтой бөгөөд энэ нөхцөлд доод шатны удирдлагуудын бие дааж шийдвэр гаргах боломж нь нэмэгдэж байдаг. Энэхүү загварын давуу тал нь янз бүрийн түвшний удирдлагын хооронд мэдээлэл солилцох, харилцан үйлчлэх, /хөндлөн ба босоо шугамаар/ шийдвэр гаргах үйл явцын үр дүнг дээшлүүлэх, удирдагчийн үйл ажиллагааны мотивацийг нэмэгдүүлэх, янз бүрийн түвшний удирдагчийн мэргэжлийн бэлтгэлийг чанаржуулах бололцоо олгоно. Төвлөрөлийг багасгахад чиглэсэн бүтцийг зах зээлийн өрсөлдөөн хүчтэй болох, гадаад орчны өөрчлөлт хурдсах, техник технологийн шинэчлэл шаардагдах, шинэ бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэх хэрэгцээ тулгарах зэрэг тодорхой нөхцөлд хэрэглэх нь үр дүнтэй. Ийм бүтэц нь байгууллага томрох, бүтэц нь нарийсч өргөсөх явцад зайлшгүй болж ирдэг талтай.

Эрх мэдлийг төвлөрүүлэх ба сааруулахын эерэг талууд

Эрх мэдэл төвлөрүүлэхийн зарим давуу тал

1. Эрх мэдлийг нэг дор төвлөрүүлснээр тусгай болон хамааралт бус үүргүүдийг нарийн уялдуулах, хяналтыг сайжруулах, туршлага багатай удирдагчдыг алдаатай шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх, шийдвэрийн давхардал гаргахгүй байх зэрэг олон боломж бүрддэг байна.
2. Төвлөрсөн хүчтэй удирдлагын тогтолцоо нь байгууллагын аль нэг нэгж хэсэг бусдаасаа таатай нөхцөлд үйл ажиллагаа явуулах, байгууллагаасаа тасрах, бусдын хөдөлмөрийг мөлжих зэрэг байдал огт гаргуулахгүй байж чаддаг.
3. Төвлөрсөн удирдлага удирдлагын төв аппаратын ажилтнуудын мэдлэг туршлагыг хэмнэлтэй, хурдан шуурхай ашиглах бололцоо олгоно.

Эрх мэдлийг сааруулахын зарим давуу тал

1. Томоохон байгууллагаадын үйл ажиллагааг төвлөрсөн байдлаар удирдах бололцоогүй. Энэ нь юуны өмнө нэг дор асар их хэмжээний мэдээллийг хурдан хугацаанд цугларуулах, боловсруулах, үнэн зөвийг нь магадлах замаар шийдвэр гаргах боломжгүй байдагтай холбоотой.
2. Удирдлагын эрх мэдлийн төвлөрөлийг сааруулах нь юуны өмнө хаана ямар асуудал үүссэн байна, түүнд хамгийн шууд хамааралтай, хамгийн сайн мэддэг, ойр байдаг удирдагч зохих шийдвэр гаргаж байх бололцоог бүрдүүлнэ.
3. Эрх мэдлийг задлах нь хүмүүсийн идэвх санаачлагыг өрнүүлэх, миний байгууллага гэсэн ойлголт төрүүлэхэд дөхөм үзүүлнэ. Эрх мэдлийг тараан байрлуулсан нөхцөлд маш том байгууллага байсан ч удирдахад хялбар, нэг их том бус газрыг удирдаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хамгийн гол нь байгууллага хэрхэн ажиллаж, ямар асуудал хаана үүсэн гарч, хэрхэн шийдвэрлэж байгааг цаг тухайд нь мэдэх, бүх үйл явцыг хараандаа байлгаж бусдын тусламжтайгаар шийдвэр гаргах нөхцөл бүрддэг байна. Ийм нөхцөлд удирдагчийн шийдвэр гаргах боломж өсч ажиллах урам зориг дээшилдэг байна.
4. Эрх мэдлийг задлах нь залуухан удирдагч нарыг өндөр албанд томилох, түүнийг анхнаас нь бие дааж хариуцлагатай шийдвэр гаргаж сургахад тусална. Гэхдээ сайн удирдагч бэлнээр төрдөггүй, харин тэд удирдлагын үйл ажиллагааны туршлага хуримтлуулах, үр бүтээлчээр ажиллах замаар төлөвшдөг гэдгийг мартаж болохгүй. Анхан шатны удирдагчаас дээд шатны удирдагч болтлоо дэвших боломж нээлттэй болж, энд зарцуулах цаг хугацаа гол төлөв залуучуудаас өөрсдөөс нь хамаарах учраас тэд өөр газар шилжих гэлгүй өөрийн байгууллагатайгаа хамт өсөн дээшлэхийг эрхэмлэдэг болдог давуу талтай.

Хэрэв байгууллагын гадаад орчны өөрчлөлт харьцангуй удаан явагдаж, байгууллага томрохгүй жижиг хэвээрээ л байгаа бол төвлөрсөн удирдлагын бүтэц илүү үр дүнтэй байх талтай. Төвлөрсөн удирдлагын бүтцийн давуу тал нь ажиллах хүчнийг эдийн засгийн талаас үр ашигтай ашиглах, тусгай зориулалтын бүтэгдэхүүн, үйлчилгээнд чиглэсэн үйл ажиллагааны явцыг хооронд нь дээд зэргээр уялдуулан нарийн хянах, байгууллагын нэгж хэсгүүд нь захиргааны гадна үлдэхээс бүрэн сэргийлэх боломжтой байдгаар тодорхойлогдоно.

Байгууллага дагнах чадвараа илүү үр дүнд хүргэхийн тулд эхлээд маш дээд зэргээр хорших боломжоо хөгжүүлсэн байх учиртай. Гадаад орчны харьцангуй тогтвортой нөхцөлд ажиллаж, олноор нь үйлдвэрлэх технологийг ашиглаж байгаа байгууллагад дүрэм журмаар дамжуулан хэрэгждэг удирдлагын захиргаадах тогтолцоо илүү үр дүнтэй байдаг. Маш их өөрчлөмтгий орчин нөхцөлд олон төрлийн технологи ашиглан үйл ажиллагаа явуулдаг юмуу дахин давтагдахгүй өвөрмөц бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагууд, хувь хүн, бүлгүүд өөрсдийн өмнөх туршлагаасаа ургуулан хамтран ажиллах хэлбэрээ сонгох нь үр дүнтэй. Ер нь байгууллагууд хэнтэй нэгдэхээ чөлөөтэй сонгож шийдэх болон төрөл бүрийн нэгжүүд сайн дураараа ажлын хэсэгт нэгдэх зэргээр хорших боломжийг бүрдүүлэх нь илүү ач тустай байдаг.

Байгууллагын зохион байгуулалтын гол шалгуур нь үр бүтээлч чанар юм. Үр бүтээлч чанарыг үндсэнд нь гурван хэлбэрт хуваана. Тэдгээрээс суурь шинжтэй нь хувийн үр бүтээлч чанар бөгөөд энэ нь байгууллагын гишүүд юмуу тодорхой ажилтны эрхэлсэн үүрэг, зорилтуудаа хэрэгжүүлэх чадвар, төвшингөөс хамаарна. Байгууллага дахь ажил үйлчилгээний чиг үүрэг, алба ажлыг тэдгээр зорилтуудад шингээсэн байдаг хэмээн үзэж болно. Харин менежерүүд ажилтнуудын хувийн үр бүтээлч чанарыг гол төлөв үнэлгээний тодорхой үзүүлэлтээр баримжаалан үнэлж, тэр нь тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх, албан тушаал дэвшүүлэх, цол хэргэм олгох гэх зэрэг урамшууллын үндэс болж өгдөг журамтай.

Байгууллагын гишүүд ихэнх тохиолдолд хамтарч, хүч оюунаа нэгтгэж ажил үүргээ гүйцэтгэх учраас бүлгийн үр бүтээлч чанар чухал үүрэгтэй юм. Зарим тохиолдолд бүлгийн үр бүтээлч чанар нь гишүүн бүхний оруулсан хувь нэмрийн энгийн нийлбэр байж болно. Хаин өөр зарим тохиолдолд бүлгийн үр бүтээлч чанар хүн нэг бүрийн оруулах хувь нэмрээс илүү их байх үндэстэй. Энэ үед хүмүүсийн хамтран ажиллах, бие биентэйгээ зохицон нэгдэж ажиллах чадвар шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.

Гуравдахь хэлбэр нь зохион байгуулалтын үр бүтээлч чанар юм. Байгууллага гишүүд ба бүлгүүдээс тогтох учраас тэдгээрийг хэр зэрэг зохион байгуулж ажиллахаас их зүйл хамаарна. Зохион байгуулалтын үр бүтээлч чанар хувийн ба бүлгийн үр бүтээлч чанарын нийлбэрээс илүү байх боломжтой. Ер нь байгууллагын өрсөлдөх чадварын үндэс нь хүмүүс тус тусдаа болон бүлгээрээ гүйцэтгэж байгаа ажлын хэмжээнээс илүү их ажлыг гүйцэтэдэг байхад оршдог. Байгууллагын хөдөлмөрийн бүтээмж, зан зээлд эзлэх байр суурь, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломж эдгээр 3 төрлийн үр бүтээлч чанарын харилцан хамаарлаас шууд шалтгаалах болно.

Удирдлагын үйл ажиллагааны үндсэн зорилтуудын нэг нь хувийн, бүлгийн, зохион байгуулалтын үр бүтээлч чанарыг нэг адил дээшлүүлэх, тэрхүү арга замыг эрж олох явдал байдаг. Гэхдээ удирдах ажилтнууд болон судлаач-зөвлөгчдийн хувьд дээрх үр бүтээлч чанаруудыг дээшлүүлэх эх сурвалжуудыг олох, шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах нь маш төвөгтэй, хэцүү зорилт юм. Ер нь үр бүтээлч чанар гэсэн ойлголт “хүчин зүйлүүд-үр дагавар” хоёрын харилцан хамаарлаар тодорхойлогдож байдаг учиртай. Дээрх загвараас харахад аль нэг төвшний үр бүтээлч чанар нь бусдаасаа хамаарахын хамтаар эргээд тэдгээрийн эх сурвалж болж өгдөг ажээ.

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: